Thursday, June 1, 2017

 Тусгай хэрэгцээт боловсролын асуудал
Тусгай хэрэгцээт боловсролын талаар ярихын тулд боловсролын тусгай үйлчилгээ шаардлагатай хүүхэд гэдэгт хэнийг хамааруулан авч үзэх тухай ярих хэрэгцээ гэрч ирнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн болох талаар одоог хүртэл нийтлэг тодорхойлолт байхгүй боловч бие эрхтний ямар нэгэн согогоос үүдэлтэй хөдөлмөрийн болоод оюун ухааны хувьд ямар нэгэн байдлаар чадвар алдагдаж тэр нь үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээнд саад учруулж, нийгмийн болон хувийн амьдралын шаардлагаа хангаж чадахгүй байгаа хүмүүс юм. Өөрөөр бол сонсголын, харааны, хэл ярианы, тулах хөдөлгөөний, оюуны хөгжлийн бэрхшээл зэрэг маш олон төрлийн согог, бэрхшээлүүд багтаж байгаа юм. Мөн сүүлийн үед суралцах бэрхшээл буюу Learning disability, зарим тохиолдолд гоц авьяастай хүүхдийн боловсролын асуудлыг тусгай боловсролын хөтөлбөрт хамааруулдаг. Тиймээс тэдэнд зориудын тусгай материал хэрэглэгдэхүүн, үйлчилгээ, багшийн ур чадвар зайлшгүй шаардлагатай хэмээн америкийн судлаач Ричард онцлон тэмдэглэжээ.
Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээ үзүүлэх хэд хэдэн хэлбэрүүд байдаг. Үүнд:
·         Тусгай сургууль цэцэрлэг
·         Нөөц анги
·         Тусгай сургалтын төв
·         ЕБС-н дэргэдэх тусгай анги
·         Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
·         Их дээд сургууль
·         Нийгмийн асрамж халамжийн газар
·         Сэргээн засалтын төв гэх мэт
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусгай эрх эдэлж үүрэг хүлээдэг идэвхитэй субьект хэмээн ойлгох нь чухал. Мөн “empowerment” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өөрийнхөө төлөө амьдрах зориг хандлага бий болгох нь тусгай сургалтын нэг гол зорилго юм.

Тусгай хэрэгцээт боловсролын чанараараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг бол Япон улс юм. Тэнд сүүлийн жилүүдэд дэлгэрч буй нэг хандлага бол 1 хүүхдэд нэг багш гэсэн хандлага юм. Мөн нөгөөтэйгүүр тусгай сургуулиас гадна ЕБС-н дэргэд тусгай анги байдаг зэрэг нь тэгш хамруулан сургах зарчмыг илүүтэйгүүр баримталж буйн баталгаа юм. Тэгш хамруулах сургалт гэдэг нь энгийн ч бай, хөгжлийн бэрхшээлтэй ч бай нийгмийн амьдралын түвшинд тэгш оролцох эрхтэй гэсэн зарчимд тулгуурладаг. Зөвхөн Япон гэлтгүй Англи, Өмнөд Африк, Испани, Чили  зэрэг орнуудад боловсролд тэгш хамруулах нь боловсролын тогтолцооны шинэчлэлийн нэг хэсэг хэмээн үзэж,  боловсролын тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх өргөн хүрээтэй шинэчлэлийн бодлогын гол цөм болох боловсролд тэгш хамруулах асуудлыг шинэчилсэн байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй буюу сургалтын тусгай хэрэгцээтэй хүмүүст хамаатай төдийгүй бүх нийтийн боловсролын чанарыг сайжруулах арга хэрэгслийн нэг гэж тооцогдох болсон. Ингэснээр боловсролд тэгш хамруулах асуудлыг нийт боловсролын тогтолцооноос салангид авч үзэх аюулаас зайлсхийх бололцоотой болсон байна.  Чили улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бүхий л үйлчилгээ үзүүлэх асуудлыг хуульчилж өгсөн байна (Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн интеграцчиллын тухай хууль, 1994). Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд суралцуулах  асуудал нь нэлээд өргөн хүрээтэй заалтууд бүхий энэхүү хуулиар зохицуулагддаг тул боловсролд тэгш хамруулах зорилт нь гагцхүү боловсролын бус нийгмийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болсон байна. 

No comments:

Post a Comment