Thursday, June 1, 2017

Сурах үйл явцын талаарх сэтгэл зүйн онолууд

·         Бихевиорист онол
Behavior-зан үйл гэсэн англи үгнээс гаралтай. Гол төлөөлөгчид Э.Торндайк, Дж.Уотсон, Б.Скиннер. орчноос хүний зан үйлийг өдөөж буй өдөөгчийн үйлчилгээнээс түүнд үзүүлэх хариу үйлдэл шалтгаална. Бихевиорист онолд сонгодог нөхцөлдүүлэлт ба үйлдлийн нөхцөлдүүлэлт гэсэн үндсэн хоёр нөхцөлдүүлэлт бий. Сонгодог нөхцөлдүүлэлт нь амьтны зан үйл түлхцэд хариу үйлдэл үзүүлэх рефлекс юм. Сурахуйн нэг хэлбэр болсон сонгодог нөхцөлдүүлэлтийн онолыг олон эрдэмтэн тал бүрээс үндэслэсэн боловч Оросын эрдэмтэн И.П.Павловын нохой дээр хийсэн цуврал туршилт үүнийг тогтооход чухал үндэслэгээ болжээ. Э.Торндайк 1911 онд муурын чөлөөт зан үйлийг судалсан. Торндайкийн тодорхойлсон Дасгалын хууль, Үр нөлөөний хууль гэсэн сурахуйн хоёр гол зарчим байдаг. Эл хоёр хуулийн эхнийхийг ямар нэг үйлийг хичнээн олон давтвал ухамсарт төдий чинээ гүн бат үлдэнэ, дархаачийнхыг хэрэв түлхцэд үзүүлэх хариу үйлдлийг урамшуулалтай хавсарвал ухамсарт үүсэх холбоос илүү үр нөлөөтэй гэж томъёолж болно гэж үзжээ. Мөн түүний дэвшүүлж байсан нэг асуудал нь мэдлэгийг багшийн шууд удирдлаган дор олж авна, суралцагч мэдээллийг идэвхигүйгээр хүлээн авдаг гэж үзэж байжээ.
Сурагчийг шинэ орчинд дасан зохицоход нь сургах сургагчийн үүргийг багш гүйцэтгэнэ. Зан үйлийг тодорхой төлөвлөх, бэхлэх (урамшуулах), хориглох (саатуулах) тодорхой техник бүхий механик аргуудыг багш эзэмшсэн байх ёстой гэж энэхүү онол үздэг. Багш нь хүүхдийн оюун санааг дархан хүн мэт урлан бүтээнэ. Сургалтын дасан сурахуйн чиг хандлагууд нь зан үйлийн эерэг сайн хэлбэрийг хүүхдэд эзэмшүүлэхийн тулд дасгал давталтыг системтэй хийлгэх, урамшуулах, сөрөг хэлбэрүүдийг таслан зогсоохын тулд орчны нөлөөг багасгах, тэдгээрийн давтамж илэрлийн тоог цөөлөх, шийтгэх зэргээр ажиллахад багшийн үүрэг оршино гэж үздэг. Энэхүү онолын үүднээс мөн  хичээл сургалтын явцад багш хүүхдүүдийг эерэг зан үйл сургахын тулд ангийн сурагчдын санал бодлыг сонсож ангид баримтлах дүрэм зэргийг гаргуулах нь  хүүхдийг орчноос идэвхитэй өдөөж өгч буйн нэг жишээ хэмээн үзэж болно.
·         Конструктивист онол
“construction- байгуулах” гэсэн латин үгнээс гаралтай. Гол төлөөлөгчид Ж.Пиаже,  Л.С.Выготский, А.Бандура, В.Брунер. хэмээгдэн хүлээн зөвшөөрөгджээ.
Когнитив онолчдын үзлээр хүмүүс мэдээллийг зөвхөн хүлээн аваад зогсохгүй түүнийг боловсруулдаг байна. Хүн бүр сэтгэгч төдийгүй өөрийнхөө аж амьдралыг гардан бүтээгчид гэж үзсэн. Хүмүүс мэдээллийг хэрхэн хүлээн авдаг, тэр нь оюун ухаанд хэрхэн буудаг, санах ойд хэрхэн хадгалагддаг, хэрхэн мэдлэг болж, улмаар бидний амьдрал, зан үйлийг хэрхэн өөрчилдөг зэргийг голлон судалдагаараа суралцах үйл ажиллагаанд олон талын ач холбогдолтой. Сургалтын шинэ материалыг хүүхдийн нэгэнт олсон мэдлэг, чадвартай уялдуулах замаар танин мэдэх бүтэцтэй нь холбох явдал сургалт амжилттай болох, мэдлэг зохиомжлон бүтээх нэг үндэс гэдгийг энэхүү онол илэрхийлдэг. Түүнчлэн судалж буй хичээлд когнитив буюу танин мэдэх зарчимд үндэслэн, хүүхдийн сонирхлийг төрүүлэх нь сургалтын бас нэг чухал хэсэг юм. Сургалт нь суралцагчийн дотоод ертөнцөөс урган гарна. Энэ бол түүний хүсэл тэмүүлэл, идэвхи сонирхол, мэдлэг туршлагын, хосгүй ертөнц юм. Хүн бүр мэдээллийг өөрийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан хүлээж авах учраас суралцагчийн ойлголт төсөөлөл нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Энэ ялгааг сургалтын явцад харгалзан үзнэ. Суралцагчийн мэдлэг гэдэг бол түүний зохион бүтээсэн ертөнц юм гэж үздэг.
Хүний хөгжилд түүний идэвхитэй үйл ажиллагаа чухал \Выготский\.
Мэдлэгийг хүн бүтээдэг, мэдлэг бол үйлдэл юм \Пиаже\.
Хүнийг сургахад орчны загварчлалыг зөв таниулах нь чухал гэж үздэг \А.Бандура\зэргээр сургалттай холбон тайлбарласан байдаг.
Зарим тохиолдолд хэдий соёл түүхийн онолын гол төлөөлөгч гэгддэг хэдий ч Л. С. Выготскийг энэхүү онолд хамааруулан авч үздэг. Түүний тайлбарласан хөгжлийн одоогийн бүс болон ойрын бүс гэсэн ухагдахуун нь энэхүү онолд хамааруулан авч үзэх шалтгаан нь болдог. 
Багш суралцагчид хамтын үйлажиллагааныхаа явцад мэдлэгийг бүтээх замаар хэн хэн нь сурч хөгжинө. Багш мэдлэгийг бүтээх арга барилуудыг хэрэглэхэд хүүхдийг өдөөн идэвхжүүлэх үүрэгтэй. Сургалт хүмүүжлийн ажлын “өнгөрсөн-одоо-ирээдүй”-г зангидахдаа хүүхдийн хөгжлийн зүй тогтол, боломж, ойрын бүс орчны аль алиныг нь анхаарна. Багш бол ихээхэн дадлага туршлагатай хүн учраас суралцагчийн сурах үйл явцыг хөнгөвчлөн чиглүүлэгч хамтран ажиллагч бөгөөд мэдлэгийг идэвхитэйгээр бүтээх, хуучин шинэ мэдлэгийн хоорондын холбоог зөв тогтоох, өөрт нь ач холбогдолтой бүхий зүйлүүдийг бусадтай хамтран хийх боломжийг бүрдүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд аль хэдийн мэддэг, хийж чаддаг зүйл дээрээ тургуурлан сургалт оюуны хөгжлийн араас дагах ёсгүй. Түүнээс ялигүй урьтан араасаа дагуулан эрчимжүүлж явах ёстой. Маргааш дээр тулгуурлана гэсэн үг.
·         Хүмүүнлэгийн сэтгэл судлалын онол
Humanus гэсэн латин үгнээс гаралтай. Гол төлөөлөгч нь А.Адлер, А.Маслоу, К.Роджерс. Хүн хувь заяаныхаа сонголтыг өөрөө хийнэ. Бүтээлч нөөц бүх хүнд бий. Хүн бүрт энэ нөөцөө ашиглах боломжийг олгох нь сургууль нийгмийн үүрэг. Хүний мөн чанарт өөдрөгөөр хандах хандлага бол хүмүүнлэгийн үзэл санааны нэг гол онцлог юм. К.Роджерсийн үзсэнээр бол хүн төрөхдөө өөрийгөө бүрэн илтгэн харуулах хүсэл тэмүүлэлтэй, өөрийн бүх боломжоо хөгжүүлэхэд хүрэлцэхүйц хүч чадалтай төрдөг байна. Мод навчилж шувууд ниснэ, харин хүн бүтээнэ гэж А.Маслоу  хэлжээ. Үүгээрээ хүн бүрт бүтээлч шинж чанар заяагдсан байдаг учраас тусгай авьяас суу билэг шаарддаггүй гэдгийг илэрхийлжээ.  Багш бол юуны өмнө бүтээлч бие хүн, бүтээн туурвих хүслийг хүүхдэд төрүүлэгч юм. Хүүхэд бүр шавхагдашгүй нөөцтэй гэсэн өөдрөг үзлийг чухалчилна. Оролцоонд тулгуурласан шавь төвтэй сургалтын аргуудыг багш түлхүү хэрэглэх хэрэгтэй бөгөөд ингэснээрээ Чи өөрөө бие даан суралцах чадвартай хүн гэсэн хүнлэг итгэл хүндэтгэлийг хүүхдэд үзүүлж байгаа юм. Өөрт тулж чиглэсэн сургалтыг хүүхэд илүү ойлгож, амархан ухаардаг бөгөөд гаднаас өчүүхэн төдий дэмжлэг үзүүлэхэд хялбархан хүлээж авдаг.
·         Сургалт ба сэтгэл зүйн онолууд
Энэ билет хэрвээ таарвал дээрх бүх онолуудаа юм уу эсвэл аль нэгийг нь ярьж болох юм байна лээ. Гэхдээ мэдэхэд илүүдэхгүй гээд нэг онол нэмээд оруулчихлаа шүү.
Соёл түүхийн онол
Л.С.Выготскийн нийгэм-түүхийн болон сурахуйн үйл ажиллагааны онолоос үзэхэд хүний амьдрал, хөгжлийн уг сурвалж нь түүний учир шалтгаант үйл ажиллагаа бөгөөд үйл ажиллагаа учир шалтгаантай байх мөн чанар нь амьд бүхэн түүний үйлийг төрүүлдэг тодорхой орчин нөхцөлд амьдардагт оршдог байна. Тийнхүү хүний үйл ажиллагааг учир шалтгаантай болгодог орчин нөхцөл түүнээс үүдэлтэй субьектийн баримжаа нь аливаа үйл ажиллагааны үр дүн, арга барилыг тодорхойлдог. Үүнээс үүдэн суралцагч нарт ч сургалтын таатай орчин, үйлийн баримжаа бүрдүүлэх асуудал чухлаар тавигддаг байна. Сурахуйн үйл ажиллагааны онолд эзэмшихүй, сурахуй, үйлийн баримжаа гэсэн ухагдахуун бий.
Гадаад үйл ажиллагааг дотоод үйл ажиллагаа болон хувирахыг интериоризаци, дотоод үйл ажиллагаа нь гадаад үйл ажиллагаа болон хувирахыг экстрариоризаци гэдэг бөгөөд эсрэг чиглэлтэй энэ хоёр үйл явц бие биеэ нөхцөлдүүлдэг байна. Гадаад дотоод үйл ажиллагааны холбоо, тэдгээрийн бие биедээ шилжих механизмд үндэслэн оюуны үйл шатлан төлөвших онол боловсруулагджээ. Харьковын дунд сургуулийн тэргүүлэх гишүүдийн нэг П.Я.Гальперин өнгөрсөн зууны жараад онд оюуны үйл шатлан төлөвших онолоо боловсруулжээ. П.Я.Гальперин, хүн юуны тулд суралцдаг вэ? Гэсэн асуулт тавьж, түүндээ өөрөө хариулахдаа, ямар нэгэн зүйлийг хийж сурах гээд, тэгэхийн тулд түүнийг яаж хийдэг болохыг мэдэх хэрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, сургалтын зорилго нь хүн үйлийг мэддэг болох, харин энэ тохиолдолд мэдлэг нь үйлд сургах хэрэгсэл ажээ. Тийм учраас сургалтын явцад суралцагчийг үйл ажиллагааг хэрэгжүүлж чаддаг болгон төлөвшүүлэхэд багшийн ажлын утга учир оршдог байна. Тийм учраас сургалтын зорилго талаас нь харвал юуны өмнө үйл ажиллагаа, үйл явц чухал болохоос биш, мэдлэг чухал биш. Өөрөөр хэлбэл, оюун ухаанаа үйл ажиллагаанд оруулж, ажиллуулах чадвар чухал болохоос биш их мэдлэгт гол бус гэсэн санаа.
Гальперийн оюуны үйл шатлан төлөвших онол ёсоор үйл ажиллагааг эзэмших 4 үндсэн мөчлөг байна.
1.    Материаллаг үйлийн мөчлөг-бодит обьект түүний загвар, зураг, зураглал, бүдүүвч зэргээр гүйцэтгэнэ.
2.    Үйлийг ярьж үйлдэх мөчлөг-тухайн үйл хэл ярианы хэлбэрээр төлөвшихөд чиглэнэ. Суралцагч үйлийг зөв гүйцэтгэж байгаа эсэхдээ төдийлөн итгэлтэй бус байвал чанга ярих замаар тунгаан шүүж, өөртөө бататгаж авна.
3.    Үйлийг өөртөө ярьж үйлдэх мөчлөг-гадаад яриатай адилхан явагдах боловч гаднаас ажиглагдахааргүй явагдана.

4.    Оюуны үйлийн мөчлөг-хураангуйлал, автоматчилал нь сүүлийн мөчлөг эдгээр болно.

1 comment: